Ид шидийн анхны хууль 4
Гүйж явахдаа мухар сүсэгтэй хүмүүсийн дэмий яриа хэмээн өөрийгөө тайвшруулахыг оролдсон ч тийм том улаан юу байж болох тухай бодохоос айдас нь огт арилсангүй. Нисдэг тийм том амьтан санаанд нь огт орж ирсэнгүйд үүл байсан байж болох эсвэл зүгээр гэрэлд буруу харсан байж магадгүй гэж бодсон ч тэр зүйл үүл биш байсан гэдгийг өөрөө сайн мэдэж байлаа. Толгой ороосон жимээр гүйж явахдаа энэ жимийн нөгөө үзүүр огцом эргэлттэй тэндээс тэнгэр харахад илүү дээр гэдгийг мэдэж байв. Унасан моддын дээгүүр үсрэн яаран гүйж явахад нь урд орой орсон борооны уснаас салж амжаагүй нойтон мөчрүүд нүүрийг нь шавхуурдан байхыг ч тоосонгүй. Хүйтэн хөлс нь цутган тэнгэн өөд ширтсэн хэдий ч өтгөн мөчирт халхалагдаад олигтой харагдаж өгсөнгүйд толгойн уруу ухаангүй гүйв. Арай хийн танил зөргийнхөө нөгөө үзүүрт хүрэн задгай тэнгэр өөд толгой өргөхөд нөгөө улаан зүйл тэртээ хол далдран алга болж байлаа. Ямартай ч далавчтай гэдэг нь танигдаж байв. Харин үнэхээр улаан байсан эсэхийг лавлан харж чадсангүй.
Нэг сайн амьсгаа аваад биеэ сул тавин доош суугаад цааш юу хийхээ мэдэхгүй бодолдоо дарагдан өмнөө харагдах Трант нуурыг ширтэн суулаа. Магадгүй Ричард гэр лүүгээ буцаж очоод Майклд ороонго ургамалын тухай, тэнгэрт харагдсан тэр улаан зүйлийн тухай хэлэх хэрэгтэй байх, сүүлийн түүхийг нь сонсоод Майкл түүнийг шоолж инээх нь ойлгомжтой. Ричард өөрөө ч гэсэн өмнө нь иймэрхүү түүх сонсоод шоолж инээж байсан билээ.
Нэг бол хил рүү ийм ойрхон зориглож ирсэнд нь, бас эцгийнхээ алуурчныг хайх хэрэгт бүү оролц гэж хэлсээр байхад үгнээс зөрсөнд нь уурсаж ч магадгүй юм. Ах нь мэдээж түүнд санаа зовсондоо л үүнийг хориглосон байж таараа. Нас биед хүрсэн эр хүний хувьд энэ нь инээдтэй хэрэг билээ. Гэвч одоо инээд нь ханиад болчоод байлаа.

Keine Kommentare:
Kommentar veröffentlichen