Mittwoch, 25. Februar 2009

Ид шидийн анхны хууль 4 Гүйж явахдаа мухар сүсэгтэй хүмүүсийн дэмий яриа хэмээн өөрийгөө тайвшруулахыг оролдсон ч тийм том улаан юу байж болох тухай бодохоос айдас нь огт арилсангүй. Нисдэг тийм том амьтан санаанд нь огт орж ирсэнгүйд үүл байсан байж болох эсвэл зүгээр гэрэлд буруу харсан байж магадгүй гэж бодсон ч тэр зүйл үүл биш байсан гэдгийг өөрөө сайн мэдэж байлаа. Толгой ороосон жимээр гүйж явахдаа энэ жимийн нөгөө үзүүр огцом эргэлттэй тэндээс тэнгэр харахад илүү дээр гэдгийг мэдэж байв. Унасан моддын дээгүүр үсрэн яаран гүйж явахад нь урд орой орсон борооны уснаас салж амжаагүй нойтон мөчрүүд нүүрийг нь шавхуурдан байхыг ч тоосонгүй. Хүйтэн хөлс нь цутган тэнгэн өөд ширтсэн хэдий ч өтгөн мөчирт халхалагдаад олигтой харагдаж өгсөнгүйд толгойн уруу ухаангүй гүйв. Арай хийн танил зөргийнхөө нөгөө үзүүрт хүрэн задгай тэнгэр өөд толгой өргөхөд нөгөө улаан зүйл тэртээ хол далдран алга болж байлаа. Ямартай ч далавчтай гэдэг нь танигдаж байв. Харин үнэхээр улаан байсан эсэхийг лавлан харж чадсангүй. Нэг сайн амьсгаа аваад биеэ сул тавин доош суугаад цааш юу хийхээ мэдэхгүй бодолдоо дарагдан өмнөө харагдах Трант нуурыг ширтэн суулаа. Магадгүй Ричард гэр лүүгээ буцаж очоод Майклд ороонго ургамалын тухай, тэнгэрт харагдсан тэр улаан зүйлийн тухай хэлэх хэрэгтэй байх, сүүлийн түүхийг нь сонсоод Майкл түүнийг шоолж инээх нь ойлгомжтой. Ричард өөрөө ч гэсэн өмнө нь иймэрхүү түүх сонсоод шоолж инээж байсан билээ. Нэг бол хил рүү ийм ойрхон зориглож ирсэнд нь, бас эцгийнхээ алуурчныг хайх хэрэгт бүү оролц гэж хэлсээр байхад үгнээс зөрсөнд нь уурсаж ч магадгүй юм. Ах нь мэдээж түүнд санаа зовсондоо л үүнийг хориглосон байж таараа. Нас биед хүрсэн эр хүний хувьд энэ нь инээдтэй хэрэг билээ. Гэвч одоо инээд нь ханиад болчоод байлаа.
Бидний амьдрал кино гэж үү? Амралтын өдөр амарч өнжлөө. Өглөө сэрчээд орондоо хэвтээл мөрөөдөх сайхан байсан. Хүсэл мөрөөдөл үргэлжилсээр... саарал хавтсаа орныхоо урд ширээн дээрээ тавиад кино үзсэн. Труманы шоу. Төрөхөөсөө авхуулаад бүхэл амьдралынхаа турш өөрөө огт мэдэлгүйгээр бусдын хяналтан доор амьдрана гэдэг аймаар. Тэр найруулагч нь өөрийгөө нэг ёсны бурхан гээд бодцон. Хөөрхий гол дүрийн залуугийн хүсэл мөрөөдөл, хайр дурлалыг уландаа гишгээд. Ингээд бодохоор надад нэг инээдтэй эсвэл аймаар ч гэх юм уу бодол төрөөд. Үнэхээр бурхан бидний амьдралыг өөрт таалагдсанаараа найруулдаг бол яах уу? Зарим үед үнэхээр хайртай хүмүүсээс маань хүчээр салгаад, хүсээгүй байсан шинэ дүр оруулж ирвэл ямар вэ? Амьдрал бол кино, бид өөрсдөө гол дүр нь, найруулагч нь бурхан. Тэр кино эмгэнэлт, инээдмийн, аймшиг адал явдал аль нь байх нь найруулагчийн л дурын хэрэг. Би өөрөө авьяаслаг сайн жүжигчин бол дүрдээ сайн тоглож зарим үед дүрээ өөрийн хүссэнээр амилуулж чадна. Бүр цаашилвал Оскар ч авч магадгүй хэ хэ...
Шинийн нэгний өглөө Эртлэн босоод цайгаа чанаж байтал эхний зочин ороод ирлээ. Монголын Кристмас гээ германчуудад хэлцэн хавийн хамаг хүүхэд цуглацан бэлгээ авах гээд үүдэнд зогсожийнэ, би хаачих вэ? За за тоглсийн шүү. Үхэр жилээ худлаа яриад эхэлчдэг зөв үү? Буруу юу? Тэр ч яахав өнөө өглөө босоол харсан чинь ойрд царай харуулаагүй наран авхай гэв гэнэт мандаад эсрэг талын байрны цонхон дээн тусжийдгийн Энийг мэдсэн бол эртхэн гараад өндөрлөг газраас Шороон үхэр жилийн нар яаж манддгийг харах байсийн. Дахиж ийм үхэр жил таараа ч уу? Цаг агаарын мэдээ л байхгүй юу дорвитойхон юм хэлчихгүй бөөрөнхийлөөл байсандаг. Нээрээ гэртээ байсан бол одоо юун блог вэ бэлэг, бууз, дараагийн айл, дахиал бэлэг, бууз гээл аймаар завгүй хүн ээж, аавыг дагацан ичихгүй зөнөгөө дуудуулцан явж байх байсан бол уу? Одоо энд бол ундаа уучаад усанд орох уу? Эсвэл усанд орчоод ундаа уух уу? гэсэн юм бодоод суужийнш дээ. За за явна аа хэдэн айл орно. Тэд нар цагаан сар мэддэг эсэх нь хамаагүй бэлгээ авжийж гарнаа гээд суугаад байдаг хэргээ... бүгдээрээ сайхан шинэлээрэй эзэн нь мартсан бэлэг байвал минийх гэж мэдээрэй.

Dienstag, 24. Februar 2009

Sonntag, 22. Februar 2009

Далай ламийн мэргэн ухаанаар... Амралтын өдрүүдээр номын шүүгээгээ ухаж байгаад нэг хайртай номоо оллоо. 2007 оны зун Штуттгартд байхдаа авсан санагдаж байна. Die Weisheit des Verzeihnis буюу монголоор бол Өршөөхүйн ухаан. Монгол сүсэгтэн олондоо Дээрхийн Гэгээн XIV Далай лам гэж хүндлэгддэг энэ агуу хүний бусдыг энэрэн хайрлах, өштөн дайснаа ч гэсэн уучилж байх гэсэн амьдралын энгийн хэрнээ гайхалтай зарчим энэ ном дээр голчлон гардаг юм. Миний хувьд хачирхалтай санагдсан нэг зүйл гэвэл энэ номын зохиолч нь хятад гаралтай Виктор Чан гэдэг хүн байсан нь байлаа. Дээрхийн Гэгээний хажууд бараг гуч гаран жил байсан бөгөөд энэ ном нь бараг Далай ламын тухай сүүлийн гучаад жилийнх нь өдрийн тэмдэглэлийн товч юм шиг сэтгэгдэл уншсны дараа төрж байсан. Бас Далай ламыг даяанч Рок од, эгдүү хүргэмээр Панда, бусдыг соронзон мэт татагч гэх зэргээр нэрлэсэн нь их инээдтэй санагдаж байсан. Ер нь бол уншихад гэгээлэг сайхан ном гэж хэлж болно. За дараагийн удаа хамгийн дуртай ном болох Зуун жилийн ганцаардалыг товч бичнэ ээ.
Ид шидийн анхны хууль 3 Ричард гурван долоо хоногийн турш Кернландийн ойн нүх сүв, зөрөг жим бүхнээр нэгжсэн ч энэ ороонго ургамал олдоогүй юм. Удаан хугацаагаар үр дүнгүй хайсны эцэст хүмүүсийн ам дамжсан цуу яриаг санан хилтэй ойр орших дээд Фэний хөвч рүү эрлийн жолоогоо залсан билээ. Тэрхүү цуу яриа эцгийнх нь үхлийн шалтгаантай холбоотой байх гэсэн сэжиг бодлоос нь салахгүй, тэгээд учгийг нь олох гэж хичээх тусам улам цаашлаад өөрөөр нь доог тохуу хийн байх шиг санагдаж байжээ. Уг нь энэ ургамлыг л олчвол хайсан зүйлийнхээ хариултыг олчих юм шиг санагдаж байсан ч одоо олчоод цаашаа юу хийхээ мэдэхгүй зогсож байгаа нь энэ. Тэр гацуур өөд дахин харахуйд эцгийнх нь аллага дахин бодолд нь түрэн орж ирлээ. Энэ ороонго ургамал эцгийнх нь үхэлтэй холбоотой нь тодорхой. Одоо ч гэсэн энэ гацуурыг мушгин ороож мөхөл рүү нь түлхэж байна. Энэ яавч сайны ёр биш байлаа. Ричард эцгээ үхлээс аварч чадаагүй ч энэ гацуурыг хувь тавиланд нь даатгаад орхихийг төвдсөнгүй. Ороонгын их биенээс лавхан атгаад хамаг хүчээрээ өөр лүүгээ угзарлаа. Яг энэ мөчид ороонгын нэг булцуу хоромхон зуур амьд амьтан шиг ангайж Ричардын зүүн гарын шууг хазаж орхисонд цочих өвдөх зэрэгцэн огло үсрэн холдов. Санаандгүй олдсон шархаа нарийвчлан харж байхдаа ангайсан махан завсар нь шигдсэн нэг сонин өргөс олж харлаа. Ороонго ургамал хэргээ гүйцээсэн байв. Тэр өргөсийг шархнаасаа огтолж хаяхаар хутга руугаа гар явуулсан боловч олсонгүй. Анхандаа гайхсан боловч хутгаа гэртээ мартсанаа ойлгоод өөрийнхөө бодлогогүй хэнэггүйдээ уурлахын дээдээр уурлалаа. Нэгэнт хутга байхгүй тул хумсаараа тэр гайт өргөсийг гаргахаар оролдсон боловч нөгөөдөх нь улам цаашлаад бүтэлтэй юм болсонгүй. Сугалж гаргах гэж хичээх тусам тэр өргөс амьд аятай мах руу нь улам гүн шигдэж байлаа. Хэт улайран шархаа бүүр задрааж орхихуй дотор нь муухайраад болихоос аргагүй болох нь тэр. Нөгөө өргөс цусан доороос харагдахаа ч байв. Эргэн тойрноо сайн ажихад холгүйхэн ургасан жижиг бут нүдэнд нь өртөв. Тэр бутны ёроолын хонхорхойд хайж байсан цус тогтоодог ургамал харагдаж байлаа. Үндэснээс арай дээхнээр эвтэйхэн тасдаж аван наалдамхай тунгалаг шүүсийг нь шархан дээрээ гоожцуулах зуур хөнгөн инээмсэглэл нүүрэн дээр нь тодорчээ. Учир нь энэ ургамлыг харах бүрийд хөгшин Зедд санаанд нь ордог билээ. Шархан дээр дусаасан шүүс өвдөлтийг намдаасан боловч сэтгэлийн түгшүүрийг хөөж чадсангүй. Өнөөх өргөс махан дотор улам цаашлан буй нь өөрт тодхон мэдрэгдэж байлаа. Гэнэт ойн шуугиант амьдрал, шувуудын жиргээн тасалдан дүнсгэр чимээгүй байдлаар солигдож Ричард өөрийн мэдэлгүй агдасхийв. Том бараан сүүдэр моддын мөчир, навчис дээгүүр гулсан өнгөрөхүй тээр дээр урьд огт сонсоогүй исгэрэх чимээ сонсогдлоо. Энэ сүүдрийн эзнийг олж харахаар дээш ширтэхэд нэгэн том улаан зүйл нүдний үзүүрт харагдаад алга болжээ. Энэ юу байж болох талаар эргэцүүлэн бодох зуур нөгөө хил хавиар тохиолдсон гэх эвгүй зүйлсийн талаарх дам яриа тархинд нь зурсхийж энэ бодлоосоо болоод хамаг бие нь хөшиж орхив. Тэр ороонго нэг л муу ёрын санагдаж байсан нь батлагджээ. Ардын үгэнд муу ёр болгон дахиад гурвыг дагуулдаг гэдэг. Эхлээд тэр гайт өргөс, дараа нь энэ том улаан зүйл, одоо эцсийнх нь л дутаж байна. Түүнтэй л тааралдахчихгүй юмсан гэсэн ганц бодол толгойд нь орж ирэхэд хөлийн хурд мэдэн харайлгаж эхэллээ.

Freitag, 20. Februar 2009

Хүйтэн байна аа тий тий...

Энэ жил нээрээ хэтэрхий хүйтэн байна. Цаг агаарын мэдээ хараа л санаа алдаа л суужийншдээ. Болимоор юм аа дулаараасай. Эгч гэртээ нет байхгүй хаа хол номын сан руу саарал хавтсаа чирээл нээх дуртай ирнэ ээ. Замдаа хөлдчих гээл... Дараа 7 хоног цагаан сар гээд монголд байгаа хүмүүс гоё байх шиг байна аа. за за болье гэрээ саначлаа.
Аан тийн номныхоо англи эхийг авсан удахгүй дараагийн хэсгийг оруулна.

Donnerstag, 12. Februar 2009

Ид шидийн анхны хууль 2 Эцэг нь алс аянд явахдаа хуучин хөх шавар вааранд элдэв шинэ сониноо мөн хэзээ буцаж ирэхээ цухас дурдсан зурвас үлдээдэг зуршилтай. Гурван долоо хоногийн өмнө ах Майкл нь эцгийнхээ хүнд алуулсан цогцсыг гэрээс нь оллоо гэж Ричардад хүнээр мэдээ хүргүүлсэн билээ. Майкл түүнийг төрсөн гэртээ ирэх хэрэггүй, ирээд ч хийх зүйл байхгүй гэж хичнээн ятгасан боловч зөрсөөр ирсэн юм. Тэгээд ч Ричард насанд хүрсэн эр хүн юу хийхээ хэнээр ч заалгахийг хүсээгүй нь тодорхой. Түүнийг очиход тэнд цугласан хүмүүс эцгийнх нь хүн харахийн аргагүй зэрэмдэглүүлсэн цогцсыг үзүүлэхийг төвдсөнгүй. Гэсэн хэдий ч модон шалан дээр хатаж тогтсон цусан шалбааг, хаа сайгүй цацагдсан улаан улаан толбонууд энд юу болж өнгөрснийг тодхон гэрчилж байлаа. Ричардыг дотогш ороход тэнд байгсад бүгд дуу хураан гашуудал илэрхийлсэн нь шархалсан зүрхийг нь улам өвтгөсөн билээ. Хүмүүсийн нам дуугаар хүүрнэлдэх яриан дундаас хил хавиар сүүлийн үед тохиолдох болсон сэтгэл сэртхийм зүйлсийн талаар дам яриа анхаарал татаж байв. Ид шидийн тухай. Төрсөн гэр нь хүчтэй хуй салхинд дайруулсан аятай хамаг тавилга нь ундуй сундуй хөглөрч бүтэн үлдсэн зүйл ховор харагдаж байсан боловч аавынх нь Ричардад зурвас үлдээдэг шавар ваар л бүтэн үлдсэн байжээ. Түүн дотроос энэ ороонго ургамлын иш олдсон юм. Тэр иш одоо ч гэсэн халаасанд нь байлаа. Энэ ишээр дамжуулж юуг хэлэх гэж эцэг нь хичээсэн юм бол... Өнчирсөн сэтгэлийн зовиурт дарагдахуй өөрийгөө нас биед хүрсэн эр хүн гэж бодож байсан нь оргүй алга болжээ. Ах Майкл нь буй хэдий ч энэ орчлонд орь ганцаар үлдчих шиг, олоон жилийн өмнө эхийгээ алдахад балчирхан зүрх нь бул хар чулуунд даруулчих шиг болсон тэр л гашуун хагацлын мэдрэмж. Амьд ахуй үедээ эцэг нь байсхийгээл алсын аянд морддог байсан ч буцаж ирэхийг нь мэдэх болохоор сэтгэл тайван байдаг байж. Харин энэ удаа эргэж хэзээ ч ирэхээргүй алсын аянд үүрд одсон байлаа. Алуурчныг хайхаар өөрийн армийн урдаа барьдаг мөрчдийг явуулсан гэсэн шалтгаар Майкл Ричардыг энэ хэрэгт оролцохийг хатуу хориглосон хэдий ч Ричард толгой мэдэн сүүлийн хэдэн долоо хоног тэр ороонгын иш эцгийнх нь аллагатай ямар сэжмээр холбоотой байж болохыг олох гэж толгой гашилган яваа билээ.... үргэлжлэл бий...

Dienstag, 10. Februar 2009

Ном эхлэв...

Шинэ он гараад удаагүй байхад нэг найзийнхаа санал болгосон нэгэн номыг уншиж эхэлсэн юм. Fantasy төрлийн зохиол Бөгжний эзэнтэй төстэй. Би уул нь энэ төрөлд нээх дуртай биш ч энэ ном надад маш их таалагдсан учраас блог дээрээ бичмээр санагдлаа. Зохиолч нь Terry Goodkind гээд энэ номоороо USAд Бестселлер болж байсан. Номын нэр нь english дээр The Sword of Truth. Гэхдээ би герман дээрээс орчуулж байгаа тул англи эхээсээ бага зэрэг зөрж магадгүй . Англи эхийг нь удахгүй олж аваад герман английг хооронд нь тулгах болно. Мэдээж анхний оролдлого учраас алдаж эндэх зүйл цөөнгүй гарах байх. Санал зөвөлгөөгөө харамгүй бичээрэй. Аа тийм энэ ном маань нэлээн хэдэн цуврал бөгөөд ерөнхий нэр нь The Sword of Truth буюу Шударга үнэний илд, тэргүүн дэвтэр нь Wizards first Rule буюу Ид шидийн анхны хууль. Таалан соёрхоно уу...

Шударга үнэний илд 1

Ид шидийн анхны хууль 1 Ороонго ургамал нэг л сонин харагдаж байлаа. Давирхайт гацуурын мөчир ороон мушгирсан ишнээс нь зүсэн зүйлийн хэлбэртэй бараан өнгийн навчнууд хором бүрт урагшлах аж. Гацуурын гэмтсэн холтосноос шүүрэх давирхай, хатаж хувхайрсан мөчир нь өглөөний хүйтэн агаарт аврал эрэн уйлж байх шиг харагдана. Хүн тэсэхийн аргагүй ялзарсан үнэр,тэрхүү ялзарсан зүйл өмхийрч муудчаагүй байхдаа ч олигтой үнэртэй байсан байж таарамгүй тэр л үнэр Ричардийн анхаарлыг татаад байв. Цөхрөлийн мананд төөрсөн бодолдоо дарагдан өтгөн үсээ хойш илэн зогсох зуурт өнөөх ороонго ургамал анхаарлыг нь дахин татаж орхилоо. Эргэн тойрон сүглийх бусад моднуудад ижил төрлийн ургамал харагдахгүй байв. Бүгд л байдгаараа. Дээд Фэнийн хөвчийн агч модод нөмрөөд удаагүй гал улаан өнгийн өмсгөлөө гайхуулах мэт зөөлөн салхинд ихэмсгээр ганхаж харагдана. Хоног ирэх тутам хүйтэрч буй энэ үед хавьгүй доор орших Кэрнландийн ой ч гэсэн намрийн гоёлоо нэн удахгүй тохох нь дамжиггүй. Хамгийн сүүлд дуртай дургүй бууж өгдгөөрөө царс модод л гүн ногоон өнгийн навчистайгаа үлджээ. Өдийг хүртэлх амьдралынхаа ихэнх хэсгийг ой хөвчид өнгөрөөсөн Ричард бараг бүх ургамлыг нэрээр нь биш ч гадаад байдлаар нь мэддэг. Аль бага байхаас нь л сайн анд Зедд нь түүнийг ховор содон ургамал хайхдаа дагуулж явдаг байсан юм. Зедд Ричардад яг ямар ургамал хайх ёстой, хэзээ хаана ургадгийг зааж өгсөн төдийгүй тэр хоёр харсан бүхэндээ тохирохуйц нэрсийг өгсөн юм. Ойгоор ийнхүү хэсүүчлэн явахдаа үргэлж шинэ зүйл сурах эрмэлзэлтэй Ричард Зеддийг байнга асуултаар булж явдаг байлаа. Хөгшин Зедд ч гэсэн бага залуу гэж гололгүй асуусан болгонд нь хариулж бас тэрнийхээ хэрээр буцааж асуудаг, Ричардийн хувьд нэг ёсны мэдлэгийн цангааг нь тайлагч сурах хүслийг нь өдөөгч болдог байв. Гайхалтай нь Ричард энэ ороонго ургамлыг урьд нь огт хараагүй, ямартаа ч танил ойд нь тааралдаагүй нь сонин. Яг ийм ороонгын нэг иш аавынх нь байшиндахь хуучин хөх шавар ваарнаас олдсон юм. Ричардын эцэг явуулын худалдаачин бөгөөд байнга л элдэв ховор сонин зүйлийн эрэлд явдаг хүн байсансан. Цөөнгүй тооны чинээлэг хүмүүс аавынх нь авчирсан шинэ содон барааг сонирхон үзэх гэж ирдэг, шохоорхсон зүйлсээ үнэ тохирон авдаг байлаа. Олохоос хайх нь эцэгт нь илүү таалагддаг байх гэсэн сэтгэгдэл түүнд төрдөг байж, учир нь эцэг нь олж авчирсан зүйлсээ сонирхсон эхний хүнд нь ямар ч хамаагүй үнээр зарчаад үнэт олдвороосоо салсандаа сэтгэл хангалуун ээлжит эрэлдээ морддог байжээ. Бүр жаахан байхын л Ричард аавынхаа эзгүйд хамаг цагаа Зеддтэй өнгөрүүлдэг, харин хэдэн насаар ах Майкл нь баячуудтай хамт цаг нөхцөөдөг тийм болохоор ой хөвчөөр аялахыг ч Зеддийн ухаалаг сургамжийг ч дэмий зүйлд тооцдог байв. Ойролцоогоор таван жилийн өмнөөс Ричард аавынхаа гэрээс нүүж тусдаа амьдардаг болсон боловч төрсөн гэртээ үе үе зочилж ирдэг үүний эсрэг ах нь цаг зав бага гэсэн шалтгаанаар ховорхон харагддаг авай......
үргэлжлэл бий...