Sonntag, 22. Februar 2009

Ид шидийн анхны хууль 3 Ричард гурван долоо хоногийн турш Кернландийн ойн нүх сүв, зөрөг жим бүхнээр нэгжсэн ч энэ ороонго ургамал олдоогүй юм. Удаан хугацаагаар үр дүнгүй хайсны эцэст хүмүүсийн ам дамжсан цуу яриаг санан хилтэй ойр орших дээд Фэний хөвч рүү эрлийн жолоогоо залсан билээ. Тэрхүү цуу яриа эцгийнх нь үхлийн шалтгаантай холбоотой байх гэсэн сэжиг бодлоос нь салахгүй, тэгээд учгийг нь олох гэж хичээх тусам улам цаашлаад өөрөөр нь доог тохуу хийн байх шиг санагдаж байжээ. Уг нь энэ ургамлыг л олчвол хайсан зүйлийнхээ хариултыг олчих юм шиг санагдаж байсан ч одоо олчоод цаашаа юу хийхээ мэдэхгүй зогсож байгаа нь энэ. Тэр гацуур өөд дахин харахуйд эцгийнх нь аллага дахин бодолд нь түрэн орж ирлээ. Энэ ороонго ургамал эцгийнх нь үхэлтэй холбоотой нь тодорхой. Одоо ч гэсэн энэ гацуурыг мушгин ороож мөхөл рүү нь түлхэж байна. Энэ яавч сайны ёр биш байлаа. Ричард эцгээ үхлээс аварч чадаагүй ч энэ гацуурыг хувь тавиланд нь даатгаад орхихийг төвдсөнгүй. Ороонгын их биенээс лавхан атгаад хамаг хүчээрээ өөр лүүгээ угзарлаа. Яг энэ мөчид ороонгын нэг булцуу хоромхон зуур амьд амьтан шиг ангайж Ричардын зүүн гарын шууг хазаж орхисонд цочих өвдөх зэрэгцэн огло үсрэн холдов. Санаандгүй олдсон шархаа нарийвчлан харж байхдаа ангайсан махан завсар нь шигдсэн нэг сонин өргөс олж харлаа. Ороонго ургамал хэргээ гүйцээсэн байв. Тэр өргөсийг шархнаасаа огтолж хаяхаар хутга руугаа гар явуулсан боловч олсонгүй. Анхандаа гайхсан боловч хутгаа гэртээ мартсанаа ойлгоод өөрийнхөө бодлогогүй хэнэггүйдээ уурлахын дээдээр уурлалаа. Нэгэнт хутга байхгүй тул хумсаараа тэр гайт өргөсийг гаргахаар оролдсон боловч нөгөөдөх нь улам цаашлаад бүтэлтэй юм болсонгүй. Сугалж гаргах гэж хичээх тусам тэр өргөс амьд аятай мах руу нь улам гүн шигдэж байлаа. Хэт улайран шархаа бүүр задрааж орхихуй дотор нь муухайраад болихоос аргагүй болох нь тэр. Нөгөө өргөс цусан доороос харагдахаа ч байв. Эргэн тойрноо сайн ажихад холгүйхэн ургасан жижиг бут нүдэнд нь өртөв. Тэр бутны ёроолын хонхорхойд хайж байсан цус тогтоодог ургамал харагдаж байлаа. Үндэснээс арай дээхнээр эвтэйхэн тасдаж аван наалдамхай тунгалаг шүүсийг нь шархан дээрээ гоожцуулах зуур хөнгөн инээмсэглэл нүүрэн дээр нь тодорчээ. Учир нь энэ ургамлыг харах бүрийд хөгшин Зедд санаанд нь ордог билээ. Шархан дээр дусаасан шүүс өвдөлтийг намдаасан боловч сэтгэлийн түгшүүрийг хөөж чадсангүй. Өнөөх өргөс махан дотор улам цаашлан буй нь өөрт тодхон мэдрэгдэж байлаа. Гэнэт ойн шуугиант амьдрал, шувуудын жиргээн тасалдан дүнсгэр чимээгүй байдлаар солигдож Ричард өөрийн мэдэлгүй агдасхийв. Том бараан сүүдэр моддын мөчир, навчис дээгүүр гулсан өнгөрөхүй тээр дээр урьд огт сонсоогүй исгэрэх чимээ сонсогдлоо. Энэ сүүдрийн эзнийг олж харахаар дээш ширтэхэд нэгэн том улаан зүйл нүдний үзүүрт харагдаад алга болжээ. Энэ юу байж болох талаар эргэцүүлэн бодох зуур нөгөө хил хавиар тохиолдсон гэх эвгүй зүйлсийн талаарх дам яриа тархинд нь зурсхийж энэ бодлоосоо болоод хамаг бие нь хөшиж орхив. Тэр ороонго нэг л муу ёрын санагдаж байсан нь батлагджээ. Ардын үгэнд муу ёр болгон дахиад гурвыг дагуулдаг гэдэг. Эхлээд тэр гайт өргөс, дараа нь энэ том улаан зүйл, одоо эцсийнх нь л дутаж байна. Түүнтэй л тааралдахчихгүй юмсан гэсэн ганц бодол толгойд нь орж ирэхэд хөлийн хурд мэдэн харайлгаж эхэллээ.

Keine Kommentare: