Montag, 2. März 2009

Ид шидийн анхны хууль5 Үнэн хэрэгтээ Ричард үүнийг хүндээр хүлээж авах хэрэггүй байв. Ах нь угийн л бүгдэд тэр байтугай эцэгтээ ч хүртэл юу хийхийг зааварладаг зантай хүн. Ахынхаа амьдралд ихээхэн учир холбогдолтой энэ өдөр түүний тухай иймэрхүү зүйл бодож байгаадаа өөрийгөө зэмлэх сэтгэл гэнэт төрлөө. Учир нь ах нь өнөөдөр Кернландийн Тэргүүн зөвлөгчийн албан тушаалыг хүлээн авж байгаа юм. Тэргүүн зөвлөгч хүн Кернланд төдийгүй бүхэл Баруун улсын хот, тосгодыг ард иргэдтэй нь захирах бүрэн эрхтэй болдог. Өнөөдрөөс эхлэн Майкл энэ улсын иргэн нэг бүрийн төлөө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Одоо ахдаа туслах хэрэгтэй, эцсийн эцэст ах нь ч бас эцгээ алдсан билээ. Энэ өдрийн үдээс хойш Майклын гэрт албаны ёслол дараа нь том баярын зоог болох бөгөөд улсын өнцөг булан бүрээс нөлөө бүхий хүмүүс ирж оролцох болно. Ричард ч гэсэн тэнд заавал очих ёстой хүний нэг юм. Энэ бодлын хажуугаар ямар их өлссөн байгааг нь сануулах мэт хоосон ходоод нь хонхолзож байлаа. Энд суугаад бодолдоо дарагдахуй харц нь Трант нуурын нөгөө эрэгээр хэсүүчилж байв. Эрэг даган аянчидын нарийн жим харагдаж байх бөгөөд шигүү ургасан моддын дунд үе үе харагдахаа болих аж. Ричард тэр жимээр цөөнгүй удаа явж байсан билээ. Энэ жим зарим нэг хэсгээрээ дээд Фенийн хөвчөөр Хил рүү хэтэрхий ойртдог тул аяны хүмүүс Кернландийн ойгоор явахыг эрхэмлэдэг юм. Ричард өөрөө бол ойн замч, өөрийг нь сонгосон эрхэм хүмүүсийг Кернландийн ойгоор айх аюулгүй хүрэх газарт нь хүргэдэг байлаа. Гэнэт нүдний үзүүрт нэг зүйл хөдөлж харагдав. Магадгүй сайн найз Чейс нь байх... Хилийн харуулаас өөр хэн энэ дээд хөвчид тэнэж явах билээ. Ричард суусан газраасаа үсрэн босож хэдэн алхам урагшиллаа. Гэвч энэ Чейс биш нэг эмэгтэй хүн байв. Зүгээр ч үгүй даашинзтай шүү.Ямар эмэгтэй хүн ийм эзгүй газар Дээд Хөвчийн ойгоор даашинзтай явж таарах вэ? Ричард нуурын эргээр үе үе моддын цаагуур орон харагдахаа больж буй тэр эмэгтэйг ажиглаж байлаа. Тэр эмэгтэй яаруу биш ч зүгээр зугаалж яваа гэж хэлэхээргүй хурдтайгаар урагшилж байлаа. Алхаа жигд бөгөөд туршлагатай аянчны хэм илт харагдаж байв. Үүнээс харахад энэ нэг л учиртай тэгээд ч Трант нуурын ойролцоо хүн амьдардаггүй билээ. Энэхэн мөчид Ричард дахин нэг хөдөлгөөн олж харлаа. Эмэгтэйн араас хэн нэгэн явж байв. Гурав үгүй бүр дөрвөн ч хүн. Бүгд ойн нөмрөгтэй, эмэгтэйг дагахдаа нээг их ойртолгүй зай барин үе үехэн зогсосхийн ажиж, зарим үед моддын ардуур орон нуугдаж байлаа. Ричардын амьсгаа дээрдэн, хамаг анхаарал нь тэдэн дээр төвлөрчээ. Энэ эрчүүд тэр эмэгтэйг мөшгиж яваа нь хэнд ч ойлгомжтой байлаа. Гуравдах муу тохиолдол гэсэн бодол тархинд нь зурсхийн орж ирлээ. Анхандаа Ричард юу хийхээ мэдэхгүй хөшцөн аятай зогсож орхив. Үнэн хэрэгтээ энэ эрчүүл эмэгтэйг үнэхээр мөшгиж явааг нотлох юу ч байсангүй. Тэгээд ч Ричардад ер ямар ч хамаагүй хаа танихгүй эмэгтэйн төлөө дөрвийн эсрэг ганцаараа зэвсэггүй зогсоно гэдэг утгагүй хэрэг байлаа. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзэхэд хүч дорой ганц эмэгтэйд туслахгүй орхино гэдэг яавч түүний зан биш. Ричард юу хийхээ тэрхэн зуур эргэцүүлэн бодов. Эмэгтэйн явж буй зөрөг нуурын эрэг даган явсаар түүн дээр ирэх байлаа. Тэр хүртэл хүлээнэ гэвэл мөрдөгч этгээдүүд энэ хооронд бүсгүйг гүйцэхээр байв. Худалдаачны энэ зөрөг тэр эмэгтэйн явж байгаагаас нэлээн урагш нэг салдаг нь гэнэт санаанд нь орж толгойн уруу гүйж эхлэв. Хэрвээ Ричард эмэгтэйтэй тэр салаанаас урд таарч чадвал дагуулан тэр салаа зөргөөр ойгоос гаргаж Хилээс холдуулан Кернландийн зүг явах боломжтой болно. Тэндээс тусламж олоход хамаагүй хялбар. Хэрвээ боломж гарвал Ричард мөрөө хангалттай баллаж чадах бөгөөд мөнөөх эрчүүд эмэгтэйг гол зөргөөрөө цааш явж буй гэж бодон цааш явах хэрвээ сэжиг авлаа ч гэсэн энэ зуур тэр хоёр хангалттай хол явсан байна байх гэж тооцов. үргэлжлэнэ...

2 Kommentare:

М.Огоо hat gesagt…

"Тэгээд ч идэх уухаар элбэг хангалуун баяр болох нь тодорхой." Энэ өгүүлбэрийг анхаараарай. Эх зохиол маань хүүхдийн зохиол уу. Хэтэрхий богинохон өгүүлбэртэй юм байна. Өгүүлбэр өгүүлбэрээр нь биш хэсэг хэсгээр нь болж өгвөл тасалж орчуулаад ойролцоо утгатай жижиг өгүүлбэрүүдийг нийлүүлвэл уран зохиолын хэллэгт илүү яруу болж өгч магадгүй. Бусдаар бол үгийн сонголт найруулга энэ тэр тун дажгүй санагдлаа. Дараагийн хэсгийг хүлээж байя. Амжилт

Tuyat hat gesagt…

Баярлалаа. Би ерөнхий утга алдуулчихаас айгаад үгчлэн орчуулаад байгаа юм. Бодоод байсан энэ ямар нээх эдийн засаг, улс төрийн асуудал хөндсөн зохиол биш жаахан өөрийн үгээр бичнэ ээ. Тэгээд тэр өгүүлбэрийг бас бодож байгаад эвтэйхэн өөрчилнө. Ерөнхий зохиол нь их гоё даанч би энд ингээд таслаад байгаа болохоор жаахан ойлгомжгүй болоод байгаа байж магадгүй.Зав зайгаараа шагайгаад санаа оноогоо хэлж байгаарай.